Нүүдлийн мал аж ахуй нь байгаль орчны доройтлыг сааруулах, бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах уламжлалт арга хэлбэрийн нэг юм. Монгол Улсад нүүдлийн мал аж ахуй зонхилон хөгжиж ирсэн нь Төв Азийн эрс тэс уур амьсгал, байгаль, газар зүйн онцлогтой холбоотой. Нүүдэлчдийн хувьд газар ашиглалтын үндсэн хэлбэр нь мал бэлчээрлүүлэх бөгөөд бэлчээрийг сэлгэн нүүх, мал хариулах, оторлох зэрэг уламжлалт аргаар ашиглаж иржээ. Монгол Улсын бэлчээрийн нэг онцлог нь нийтийн эзэмшил, ашиглалтын шинжтэй байдаг явдал юм. Гэвч сүүлийн жилүүдэд малын тоо толгой эрчимтэй өсөж, бэлчээрийн нөөцөд үзүүлэх дарамт нэмэгдэн, бэлчээрийн даац, менежментийн асуудал улам бүр тулгамдаж байна. Иймээс бэлчээрийн даацыг тооцож, бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах шаардлага бий болжээ.
Энэ чиглэлээр олон судлаач судалгаа хийсний дотор Л. Нямбат (Sc.D), А. Бакей (Sc.D) нар малын тоо толгойн өсөлт, сүргийн бүтцэд ямааны эзлэх хувийн жин нэмэгдсэн нь бэлчээрийн доройтолд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэсэн байна. Тэд бэлчээрийн талбайн хэмжээ багасах, талхлагдал нэмэгдэх, ургамлын бүрэлдэхүүн цөөрөх зэрэг асуудлыг статистикийн энгийн аргаар боловсруулан дүгнэжээ.
Энэхүү судалгаанд Монгол Улсын аймаг тус бүрийн 50 жилийн хугацааны тоон мэдээлэлд үндэслэн малын тоо толгойн үзүүлэлтээр нь ижил төстэй аймгуудыг кластерын аргаар таван бүлэгт ангилсан. Бүлгүүдийн хадлан, бэлчээрийн талбайн хэмжээнд байгалийн бүс, бүслүүрийн коэффициентийг тооцон тусгаж, бүс нутгийн онцлог ялгааг дараагийн тооцоололд харгалзан үзсэн. Улмаар кластер тус бүрээс санамсаргүй сонголтын аргаар нэг аймгийг сонгон авч, статистикийн корреляци, регрессийн шинжилгээг дифференциал тооллын онолтой хослуулан ашиглажээ. Судалгааны үр дүнд Монгол Улсын бэлчээрийн даацыг тодорхойлох математик загварыг боловсруулж, бүс нутгаар нь ангилан тооцсон байна. Бэлчээрийн даацыг математик аргаар тодорхойлсон нь энэхүү судалгааны шинэлэг тал гэж үзжээ.