Морин хуурын үүслийн тухай домог ярианд уг хөгжмийн зэмсэг үүссэн шалтгаан, гарал үүсэл, тэдгээрийн харилцан уялдааг тайлбарлахын зэрэгцээ ард түмний хайр сэтгэл, хүсэл мөрөөдлийг тусган илэрхийлдэг. Эдгээр домог яриаг судлах нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ, соёлын онцлогийг тодруулах ач холбогдолтой юм. Энэхүү судалгаанд Өвөр Монгол болон Монгол Улсаас цуглуулсан морин хуурын үүслийн тухай домог ярианы 55 хувилбарыг шинжлэн, тэдгээрийн үйл явдлын ижил төстэй шинж, дүр, мотив, уламжлал, шинэчлэлийн асуудлыг авч үзжээ. Харин энэхүү өгүүлэлд морин хуурын домог яриан дахь дүрийн судалгааг голлон авч үзсэн болно.
Морин хуурын үүслийн тухай домог яриан дахь уран дүрүүд нь нийгэм, түүхийн нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж ирсэн онцлогтой. Эхэндээ хийсвэр хүсэл, уран сэтгэмжийн шинжтэй байсан дүрүүд аажмаар хагас хүн, хагас сахиулсан шинжтэй болж, улмаар хүний өдөр тутмын амьдрал, ахуйд ойртсон эгэл дүрүүд болон хувирсныг судалгаагаар ажиглан шинжилжээ. Тухайлбал, уул усны эзэн дагинатай ойлголцдог Хөхөө Намжилаас эхлээд ер бусын хурдтай жонон хар морь хүртэлх хүн-сахиулсан, хүлэг-сахиулсан дүрүүд; хайртай бүхнээ өмгөөлөн хамгаалж, тэмцдэг Сүх хүү, Хөхөө Намжил, Очир өвгөн зэрэг дүрүүд; мөн олз ашигт дурлагч, дээрэнгүй үзэлтэй, харгис хэрцгий ван ноён, түшмэд, тахар зэрэг сөрөг дүрүүдийг зэрэгцүүлэн дүрсэлжээ. Ийнхүү сайн, муу; сайхан, муухай; үнэн, худал; хар, цагаан зэрэг эсрэгцсэн шинжийг агуулсан дүрүүдийг хамтад нь дүрсэлснээр тэдгээрийн зан чанар, мөн чанар харилцан тодорч, уншигч, сонсогчдод харьцуулан ойлгох боломж олгож байна.
